Эслэг нь ургамлын гаралтай хүнсний бүтээгдхүүнд ихээр агуулагддаг. Хүний биед үл боловсрох нүүрс ус бөгөөд үндсэн шимт бодисын бүрэлдэхүүнд ордоггүй боловч олон тооны эмгэгээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Эслэг нь буурцагт ургамлын хальс, хүнсний ногоо, жимсний цул хэсэгт ихээр агуулагдана. Эслэгийн ихэнх хэсэг нь хоол боловсруулах замд боловсордоггүй бөгөөд биед шимэгдэхгүйгээр өтгөний хамт гадагшилдаг байна.
Харин эслэг ихтэй хүнс нь илчлэг багатай байдаг учир биеийн жинг хэвийн хэмжээнд барих, жин хасах зорилгоор хэрэглэхэд нэн тохиромжтой.
Өнгөц харахад эслэг нь илчлэг өгдөггүй, тэжээллэг бус мэт харагдах боловч хүний биеийг эрүүл байлгахад нэн тустай.
Эслэгээр дутмаг хоол, хүнсний хэрэглээ нь өтгөн хатах, бүдүүн гэдэсний үрэвсэл, шамбарам зэрэг хоол боловсруулах эрхтэний эмгэг үүсэхэд хүргээд зогсохгүй, зүрхний титэм судасны эмгэг, бүдүүн гэдэсний хавдар, чихрийн шижин, таргалалтыг үүсгэх боломжтой юм.
Эслэг нь өтгөн ялгаралтыг нэмэгдүүлснээр ходоод, гэдэсний замаас хортой бүтээгдэхүүнийг богино хугацаанд гадагшлуулж, цэвэршүүлэх нөлөөтэй.
Эслэг нь үндсэн шимт бодис, ялангуяа өөх тосны шимэгдэлтийг бууруулах замаар цусан дахь өөх тосны (холестерин) түвшинг багасгаж, улмаар зүрх судасны өвчин, тархины цус харвалтаас сэргийлнэ.